Thursday, August 23, 2007

Ах бид хоёр

Ах бид хоёр 2 нас ч хүрэхгүй ойрхон төрсийн болохоороо хоорондоо ана мана ач тач үзэлцэнэ ээ. Өнөөдөр ахтайгаа ярилаа л даа. Хоёр долоо хоног шахуугийн өмнө Вэб камера авч өгөөрэй гээд авах ёстой камерны үнээс бараг 3 дахин их моней өгсий. Дүү нь камерыг нь авдаггүй ээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар бол аваад шуудангийнх нь хаягаар явуулцан л даа. Ахыг камер яасан бэ гэхээр нь аваагүй ээ л гэсэн. Яагаад гэхээр нь мөнгийг чинь үрцээн л гэсэн. - Юунд үрсий? Байрныхаа мөнгөнд өг өө юу уу? гэхээр нь үгүй ээ. Шоудцан гэсэн чинь ах өөдөөс - Аа, тэгвэл мөнгө байгаа л юм байна аа гэдий. Хэхэхэ. Миний бага ахаа гэж нэг иймэрхүү, би бас нэг иймэрхүү ...

Thursday, August 16, 2007

Эрчүүд

(Зохиогчийнх нь нэр байдаггүй ээ. ... Хэний зохиол билээ ????)

Оройн нар хүүшлэх үеэр цэнхэр «Иж»-тэй нэг хүн том тэрэгний дугуйгаар ухагдсан уулын замын ховил даган давхисаар ойн захад цагаалж хураасан гуалингийн дэргэд ирж буугаад чагнаалдаж чагнаалдаж, ажлын харынхаа түрийнээс сонин гаргаж тамхи ороож татангаа ой уруу харан сууснаа дахин угсраагаар хэд чагнаалдах нь хэн нэгд дохио өгөөд байгаа бололтой. Тэгтэл ч модон дотроос гурван залуу гүйлдэн гарч ирэв.
— Та нар чинь овоо юм бэлджээ гээд тар хүн урамтай үг хэлэхэд тэдний нэг нь
— Бас ч муугуй шүү. Хэд хоногоос зүүн уул уруу нүүнэ гэв.
— Би та нарт ёстой сайхан бэлэг авчирсан даа гээд мод бэлтгэлийн бригадын дарга хамраараа утаа савсуулан гурван залууг харж инээмсэглэх нь цаанаа л нэг учиртай. Залуус мотоцикл тийш юм эрсэн бололтой хараачлаад:
— Юу вэ, дарга аа? Хаа байна? гэлцэв.
— Одоохон... Миний араас «МАЗ»-аар ирж яваа гэхэд:
— Амьд хонь уу?.. Ажил сайн хийсний шагнал уу?
Шинэ шөл ууж байгаад энэ уулын модыг буулгаад хаячихъя гэвэл:
— Та нарын битүүдээ дурсаад байдаг хамгийн чухаг юм чинь... гээд дарга нь мар мар инээж тун ч маадгар байлаа. Залуус юу болохыг хэлүүлэх гэж оролдон тааж ядан байтал дүнхэр хөх «МАЗ» ч хошуу ороогоод гараад ирэв. Залуус босож «МАЗ»-ын бүхээг уруу наран сөрөг саравчлан байж харна. Тэрэг ирж зогсоход бригадын дарга очиж бүхээгийн хаалгыг онгойлгож турьхан биегэй залуухан цагаан хүүхнийг пүүгээтэй нь буулгав.
— Энэ охиныг Оюумаа гэдэг юм. Ойн инженерийн гуравдугаар ангийн оюутан. Манай ерөнхий ня-богийн дүү. Ах нь нааш нь явуулсан юм. Дургуйгий нь хүргэвэл ня-бо цалинг чинь хасаж мэднэ шүү гээд инээд алдсанаа ногтон сахалтай булиа эрийг нь хөрөөчин Хүдэр, өндөр гоохгорыг нь мод оосорлогч Дорлиг, намхан мөртөө ханхар цээжтэйг нь тракторчин Галдан гэж танилцуулж гар бариулан ёсорхов. Тэгээд дэрга «ИЖ»-ээ асааж мордоод:
— Наадах чинь мэдрэлийн ядаргаатай хүүхэд шүү. Ядаргаагий нь гаргаад буцаагаарай. Харанхуй хар ойд ийм хүн хараад ажил хийхэд та нарт ч гэсэн урамтай байна биз дээ, ха ха ха гэж инээж давхин одов.
— За харьцгаая гээд Хүдэр бүсгүйн пүүгээг шүүрэхэд Галдан үүргэвчийг нь аваад явцгаав.
— Уулын мухарт хэвтэж байтал авгай минь ингээд өөрөө хүрээд ирдэг байж дээ гэж Хүдэрийг баяртай хэлээд сахлаа илэхэд Галдан:
— Ийм эрвээхий шиг амьтан чинь нарийн хус базвал шүүс нь гоожмоор баавгай шиг хүний амьсгаанд нь хийсчихнэ. Дорлигийн бол бүсэлхийгээр байна. Ботгоо дагуулсан ингэ шиг явах ичгэвтэр биз дээ. Харин бид хоёр л таарах даг шүү гэхэд Хүдэр:
— Өөрийгөө тааруулах гэж мөн их ядав аа гэсэнд тэд инээлдэв. Ямар аймаар улс вэ гэж Оюумаа эмээсхийн гайхаш алдран явтал Хүдэр:
— Би ч Галданг үүдээр гаргаж чулуудчихаад л ингээд аваад явчихна гэж хүлээтэй хүүхний пүүгээг шидчихээд Оюумааг шүүрэн авч тэврэн алхав. Ярайсан цагаан шүдтэй амаа байдгаар нь ангайлгаад ой цуурайтмаар хүнгэнэтэл инээж байгааг нь харахад бие нь зарсхийж, нүднийх нь харц гялалзаад нэг л аймаар санагдсан учир Оюумаа:
— Ээж ээ! Тавиач ээ! Яана аа! гэж цухалдан муухай орлиход Хүдэр инээсээр түүнийг газарт буулгаад:
— Чи намайг үнэхээр аваад явчих нь гэж айв уу? гэж асуун өөдөөс нь харан ханхайн зогсох нь нээрээ ч баавгай гэмээр сүртэй харагдахад ийм хүнтэй ойд ганцаараа тааралдвал үнхэлцэг хагарч үхэх юм байна гэж бодсон Оюумаа дуугарсангүй шуухитнана.
Ойн цоорхойд байгаа дөрвөн дугуйтай жижигхэн байшинд дөхөж очихдоо Галдан:
— Таны бэр нь болох айлын хаш цагаан өргөө энэ дээ гээд инээмсэглэх нь нэг л тохуутай. Тэд хоол унд зэхэх юм болов.
— Би ч чаддагаараа тогоогоо барья. Дорлиг мах хөшиглө. Хүдэр бяртайгаараа хатуухан гурил зуураатах. Шинэ бэрд заваан бантан өгч болохгүй гээд Галдан мах эвдэж эхлэхэд «Гурил зуурахад бяр ороод байхдаа яах вэ. Ажилгүй харчуудын яриа мөн дөө» гэж бодсон Оюумаа санаандгүй инээд алдчихав. Тэгтэл:
— Энэ оронд чинь шингэн дуутай хүний инээхийг анх удаагаа сонслоо. Дахиад нэг инээчих, Чихэнд чимэгтэй гэдэг нь гэж Галданг хэлэхэд ичиж улайсан Оюумаа энэ нэг навтгар юмных нь аманцар гэдэг нь гэж зэвүүрхэв.
Банз харуулдаж хийсэн бүдүүн вандан дээр Галдан төмпөнтэй мах, хувинтай хоол тавиад:
— Нөхөд минь битгий түрүүлээд дайрчихаарай. Зочиндоо махны зөөлөн, аяганы томыг барина шүү. Хүдэрийн хулгар хар хаа байна? гэхэд Оюумаа:
— Хүүе, надад их юм хэрэггүй. Нэг л жижигхэн аяга хоол болно гэж санд мэнд хэлэв. Галдан нуруу, сээр, хавирга гээд алаг махтайгаас нь ялган тавган дээр тавьж:
— Хотын хүүхэн болсон хойно чихэр хүлхсээр байгаад бас л шүдгүй болоо биз дээ гэж инээвхийлсээр хутга авч өглөө. Тэд шанага шиг том том аяганд хоол хийж аваад махнаас идэхдээ хутга шөвөг ч хэрэглэсэнгүй. Оюумаа Хүдэрийн идэхийг бусдаас илүү ажиж байв. Түүний хавирга идэх нь нэг завжаар мах нь годосхийн ороход нөгөө завжаар яс нь гозосхийн гарч байх шиг харагдана. Чөмгийг хоёр гуравхан шувт татаад ясыг нь төмпөн уруу шиднэ. Оюумаа өөрсдийг нь ажаад байгааг мэдсэн Галдан:
— Бид мангас шиг байна уу? Наад мангасууд чинь идэхийг идэж хийхийг ч хийнэ ээ гэж хэлэхэд Оюумаа:
— Би юу ч гэж бодоогүй шүү гэж аяархан дуугарав. Үнэндээ бүсгүй тэднийг идэмхий хүмүүс гэж боджээ. Нэг нь л гэрийнх нь нэг оройн хоолыг залгичих шиг санагджээ. Оюумаа нөхрийнхөө аяыг дагаж хоол ундны хэмнүү нарийн дэгтэй болсон билээ. Ханилсныхаа дараахан гэртээ байсан шигээ бүхэл мах чанаад гурилтай хоол хийснээс болж анх удаагаа нөхөртэйгөө муудалцжээ.
— Ингэж зэрэг зэрэг үрснээс хоёр орой идсэн нь дээр. Ерөөсөө ч ясанд их мах үлдээж чанадаг буруу. Шулсан ясаа буцалгаж мөлжөөд мах хөшиглөхгүйгээр шөлөнд нь будаа цацаад идвэл ходоодонд бүр сайн болно гэж нөхрөө хэлэхэд нь Оюумаа:
— Манайх л тэгдэггүй. Тэгээд ч чиний тогоо шанага уруу хошуу дүрдэг буруу. Манай аав юу ч хэлдэггүй гэхэд нь:
— Танайх чинь аминдаа хоньтой, үнээтэй айл. Гурилнаас өөр юм хоршооноос авахгүй. Тэгвэл хотын амьдрал гэдэг шал өөр. Үүдээр гаруут л өнөө хэдэн мөнгө чинь урсаж эхэлнэ. Нэг мөнгийг ч бодолтой зарахгүй бол гар хоосорчхоод хаалгаа түгжээд сууж байхаас аргагүйд хүрэх амархан шүү гэжээ. Оюумаа маргасан боловч нөхөр нь дийлж, хожим нь бодоод байхад түүний зөв ч юм шиг санагджээ. Тэг тэгсээр нөхрийнхөө үгнээс гарахаа ч болив.
Оюумаа харамсахдаа залуусыг дэндүү үрэлгэн замбараагүй байна гэж зэмлэмээр байвч танихгүй хүмүүсийн дэргэд амаа жимийж суухаас дээр юм яаж байх вэ. Бүрий болоход тэд цахилгаан мотор асааж гэрэлтэй болж дуу хураагч тавив. Аглаг ууланд мод бэлтгэдэг хүмүүс ийм тохилог суудаг нь хүүхний зүүдэнд ч оромгүй явдал ажээ.
— За нөхөд минь, Оюумаагаа амраая. Эрт ажилд гарна шүү гэж Хүдэрийг хэлэхэд Дорлиг:
— Гуравхан ортой улс чинь зочноо хаа унтуулах вэ? гэсэнд Галдан:
— Саналтай хүнийхээ өвөрт унтаг л дээ гээд инээсэнд хүүхэн «Яасан бүдүүлэг залуус вэ?» гэж уур нь хүрсэн боловч биеэ барьж:
— Надад санаа зоволтгүй. Би ядаргаатай хүн гадаа унтвал биед дээр байх гэсэнд Галдан:
— Манай энд баавгай ирдэг юм шүү. Эртүүд хонь гаргаад толгой шийрий нь гадаа тавьчихсан чинь шөнө баавгай ирээд ирэх ирэхдээ хоёр ирж байшингий минь үхэр шиг шөргөөж айлгасныг яана! Гэхэд:
— Баавгайтай ноцолдсон ч дийлэхээр ийм гурван эр айж байхад чиний гадаа унтана гэдэг дэмий. Тэгснээс биднийхээ өвөр уруу шургасан нь хавьгүй дээр гээд өнөө гурав инээлдсээр гарлаа. «Хүн хар гөрөөс шиг гурван сүрхий амьтан ч намайг сүйд хийхээр шийдэв бололтой. Эзгүй ойд эдний гараас гардаг ч өнгөрлөө. Өнөө шөнө мэнд хоновол маргааш модны тэргээр буцъя. Ах л «Ойд гарвал ядаргаанд сайн» гэсээр ийм балай юмнууд дээр ирүүллээ» гэж бухимдан суутал боловсон хүн гэж боддог нөхөр нь сэтгэлд нь буугаад яачхав. Гуулин хүрээтэй цагаан шил зүүж, хутганы ир шиг болтол индүүдсэн буурал костюм өмсөж, дипломат хэмээх гоёмсог цүнх барьсан нимгэн шаравтар царайтай нөхөр нь гуч шүүрч яваа ч гэсэн хорин хэдтэй энэ залуусаас хавьгүй залуухан ганган санагдаж байв. Түүний боловсон зангийн тухайд бол эдэнтэй зүйрлэх юм юу ч алга. Нөхөр маань эднийг харвал «Зэрлэг хүмүүс» гэж шуудхан хэлнэ дээ гэж хүүхэн бодлоо. Нөхөр нь эмэгтэйчүүдтэй бол бүр ч илүүтэй нахилзан бөхөлзөн ёсорхуу мэндэлж ярилцахын хамт зарим сэхээтэн хүүхнүүдийг «Мадам» гэж харь хэлээр дуудах нь ч бий. Манай нөхөр шиг боловсон хүмүүс байсан бол намайг тэс өмнөөгөөр угтсан даа гэж санахаас гоморхох сэтгэл аяндаа төрж нүднийх нь нулимс гарчих шахан байтал нөгөөдүүл инээлдэн пир пархийн орж ирсэнд Оюумаа цочин давхийв.
— Оюумаа, гадаалж ирээд унт, унт гэж Дорлигийг хэлэхэд Галдан:
— Баавгайнаас хамгаалж чадахаараа Хүдэр чи бараа бологчоор яв гэлээ. Нүх шиг харанхуй байлаа. Салхи исгэрэн модны орой шуугих нь нэн сүртэй.
— Ямар аймаар юм бэ! гэж хүүхэн дуу алдан байшингийн ёроолд зогсоход Хүдэр:
— Надад гараа өг гэнгүүтээ л түүнийг хөтлөн явлаа. Тэр хоёрыг орж ирэхэд байрныхаа дундуур даавуугаар хөшиг татжээ.
— Оюумаа, тэр танайх. Гэртээ ороод сайхан амраарай гээд Дорлиг түүний пүүгээг оруулж өгөв. Хүүхэн тэдний нүднээс далд орсондоо нэг удаадаа амсхийв.
Гэлээ ч нөгөөдүүлээ яадаг бол гэж харалхсаар эргэж хөрвөн хэвтэхэд тэд нь дорхноо унтаад өгчээ.
Оюумаа элдвийг бодон тийчилсээр их л оройтох шиг санагдаж байсан боловч нам унтчихжээ. Сэрэхэд нь нар тусчихсан байв. Хөшигний завсараар сэм харвал гурван залуу алга. Оюумаа жаахан хэвтсан боловч бие нь сайхан амарчихсан, толгой хөнгөн байхаар нь бослоо. Гарахаар явтал хоолны вандан дээр нэг бичиг байхыг үзвэл «Чи өнөөдөртөө амарч өнжөөрэй. Аяганд мах хөшиглөөд тавьчихсан. Халуун саванд цай бий. Цөцгийн тос тасарсан болохоор элсэн чихрээс өөр талхан дээр тавих юмгүйг маань уучлаарай» гэжээ. Намайг хүүхэд шиг бөөцийлөх нь шив гэж санаад эгдүүцэж байснаа бодохоос ичих шиг болжээ.
Оюумаа ойд зугаалав. Тэртээд трактор нүргэлж, ойн гүнд хөрөөний тачигнах сонстоно. Хааяа лүнхийсэн их чимээ гарах нь мод унагаж буй бололтой. Есөн хэлийн шувууны жиргэх нь ойн хөгжмийн чуулга гэлтэй. Хөл доор өнгийн цэцэг дэвсээтэй. Хүүхэн байн байн хөлбөрөн унаж бөмбөрнө. Тэгж явтал түүнд чонын элэг жимс тааралдахад өнөө гурав нь талхан дээр тавих юмгүй гэсэн нь санагдав. Оюумаа чонын элэг нэлээдийг түүж аваад харилаа. Хотод ажил завсарладаг цагаар цай чаначхаад хүлээгээд байв. Гэтэл тэд гурван цаг болж байхад арай гэж иржээ.
— Та нар чинь цаг баримталдаггүй улс уу? Гэхэд
— Бид өглөө долоод гараад өдрийнхөө ажлыг хийж дуусгаад ирдэг. Тэгээд хооллож жаахан амраад илүү ажлаа хийдэг юм даа гэв.
— Хоол ундгүй ийм олон цаг ажиллах гэж үү? гэвэл
— Бага сага юм аваад явдаг л даа. Байсхийгээд идэх гэж гэр уруугаа гүйгээд байвал ажлаа амжуулахгүй шүү дээ гэжээ.
Тэд хүүхний хийсэн чанамалыг талханд түрхэн амтархан идэж:
— Хотоос чанамал авчраа юу? гэж шалгаахад нь:
— Энэ ойгоос оллоо гэвэл
— Биднийг юу ч мэдэхгүй амьтад гэж санаа юу. Хаа, юу ургадгийг гадарлана шүү гэцгээхэд нь:
— Нээрээ эндээс түүсэн юм... Чонын элэг байхгүй юу гэв.
— Аа нэг муухай гашуун хүрэн юм байдаг, тэр үү? Худлаа байгаа даа гэхэд нь:
— Энэ харахгүй юу? гээд Оюумаа шилэнд байгаа үлдэгдлийг үзүүлэв.
— Санаанд орохгүй юмаар ийм сайхан амттан хийхийг бодоход эрдэмтэн иржээ. Манийгаа гэгээрүүлээд байж дээ гэлцэв. Тэднийг аажуухан гарахад Оюумаа:
— Та нар чинь тэгээд өдөржингөө мод огтолдог улс уу? гэхэд Галдан:
— Огтолно ч, ургуулна ч. Эрдэмтэн мимь маргаашаас тарьц суулгана шүү дээ. Бид чинь өөрсдөө идэмхий ч гэсэн идчихээд хэвтдэг хүнд бас дургүй шүү гэхэд нь:
— За тийм бол идсэнийхээ хэргийг бүтээе дээ гээд Оюумааг инээмсэглэхэд тэд инээлдсээр яваад өгөв.

Тэнгэрээр бөөн бөөн хар үүл нүүдэллэн, үе үе салхин хүүгсэн ёозгүй өдөр байлаа. Салхи хүчтэй исгэрэхэд ой тэр чигээрээ шуугина. Оюумаа хөрөөчнийг бараадасхийн унагасан модных нь оронд тарьц суулгаж байлаа. Хүдэрийг арван мод хөрөөдөхдөө нэг ч амрахгүй байгааг ажиж мэдсэн хүүхэн «Яасан цуцдаггүй гар вэ!» гэж бахдан, нөхрөө авчраад энэ хөрөөг бариулчихвал дорхноо бахардаж унах байх даа гэж бодохоос инээд нь хүрчээ. Хүдэрийг нэг мод унагаад нөгөө уруу хөлсөө арчин алхахад нь Оюумаа тэссэнгүй гүйж очиход түүнээс халуун хөлс ханхална. Оюумаа бүснээсээ нийлэг дашмагтай усаа авч өгөв.
— Завсар нь жаахан амарч бай л даа. Дэндүү ядарна шүү дээ гэж хүүхнийг хэлэхд Хүдэр дуулаагүй юм шиг царайлан уснаас нь нэг балгаад:
— Өнөөдөр сайн шамдахгүй бол тэнгэр эвгүйтэх шинжтэй. Заримдаа усаар шавьшаад оронгоос толгой цухуйлгадаггүй юм шүү гээд модоо хөрөөдөж эхлэв. Тэр булиа чийрэг залууг ажилсаг махруу хүн болохыг мэдсэнээсээ хойш Оюумаа улам ч хүндлэх болсон ажээ.
Гурван залуудаа тус болох сон гэж боддог Оюумаа:
— Хүдэр ээ, энүүхэн баруун жалгын ирмэгээр тавьсан замын хажуугаар сийрэгжсэн хөрс дагаж зулзаган мод их ургасан байна. Хэдүүлээ нэг завандаа түүнээс авчирч тарья. Шавалдаж ургасан зулзаган модны нэг хэсэг нь заавал үхдэг жамтай болохоор сийрүүлж ондоо газар суулгачихвал суулгацаа хэмнэхээс гадна тэртэй тэргүй үхэх модыг ч аварна шүү дээ гэхэд Хүдэр:
— Тийм л учиртай юм бол тэгье, тэгье, эрдэмтэн минь гэж хошигнон инээмсэглэснээ:
— Хүүе, бушуу холдоорой! Мод уналаа гэхэд нь Оюумаа:
— Чи чинь модыг хандсан зуг уруу нь биш, унагах гэсэн чиг уруугаа унагадаг мэргэжилтэй гээ биз дээ. Чиний унагасан модыг цагаалахад амархан, цаг их хэмнэдэг бас залуу мод дайрч сүйтгэдэггүй гээд Галдан, Дорлиг хоёр магтдаг юм билээ гэхэд нь Хүдэр:
— Тэр яах вэ... Холдоорой гэдгийг сануулсан шүү гэсэнд хүүхэн гэдрэг гүйж тэнгэр баганадсан бүдүүн мод шажигнан шужигнасаар сүртэй чимээ гарган лүсхийн уналаа. Тэд цагаан гэгээ тасартал ажиллаад буулаа. Хүдэр хоолныхоо махыг нөхдөдөө харуулж:
— Ганцхан үмхчихмээр ийм махаар чинь хоол хийсэд болохгүй дээ. Нэг нэг долоогоод л өнгөрнө гэсэн үг гэхэд Дорлиг:
— Өдөр би хэмнээд үлдээсэн юм. Тэгээгүй бол өдийд хоосон л сууж байгаа гэхэд Галдан:
— Бригадын дарга маань нэг хүүхэн авчирч өгснөө хоол шиг бодоод манийгаа мартаж орхив оо доо. Дарга өөрөө хүүхэн харахаараа цадчихдаг юм болов уу? Гэхэд өнөөдүүл нь инээлдэж хүүхэн, Галданг инээмсэглэн харахдаа «Зүгээр ярьцгааж болдоггүй дандаа даваадуулж байдаг зовлонтой улс аа даа. Хээр уйдахдаа ингэдэг юм болов уу даа» гэж бодоод:
— Та нар намайг харсаар байж цадахгүй байна гэж үү? Яасан гомдмоор юм бэ! гэсэнд Хүдэр:
— «Хүртчихэж» болохгүй юманд яаж цадах вэ! Гэсэнд өнөөдүүл нь инээлдэв. Оюумаа эхний үед тэдний тоглоом тохууг ойлгохгүйгээс баахан эмээн цэрэвдэг байснаа зангий нь мэдэнгүүтээ хааяа даажин тохуу хийдэг болжээ.
Бороо хувингаар цутгах мэт асгарч цахилгаан манас манасхийх нь цонхоор гал харваж байх шиг. Тэнгэрийн дуу толгой дээр тас хийхээр хүүхэч чихээ даран дуу алдана. Багахан хоолоо хувааж идсэний дараа Хүдэр хувцаслаж явахыг завдахад нь айж сүрдсэн хүүхэн:
— Ийм аймаар шөнө яаж явах юм бэ! Өдөр болооч гэсэнд Хүдэр:
— Ажил гэж бас нэг юм байна. Мацаг барилтай нь биш, хоолоо авчиръя... Цалингаа гэртээ өгч сэгсгэр авгайдаа нэг бараалхаад хэдэн бор хүүхдээ нэг нэг тэвэрчхээд ирдэг байгаа даа гээд инээмсэглэн хэнэггүй царайлна. Нөгөө хоёр нь гэртээ цалингаа өгүүлэхэд нь:
— Хүдэр минь, битгий яваач дээ. Аж ахуйн төв зөндөө хол. Ядаж бороо намдахыг хүлээ л дээ гэхэд:
— Бороо тэртэй тэргүй намжиж байна. Дуутай тэнгэр хургүй гэгч болох биз. Төв арав гаруйхан километр. Би чинь муу ч гэсэн эр хүн шүү дээ, дажгүй гээд гараад явчихад нь Оюумаа:
— Та нар хориход яадаг гам бэ? Амиа бодоод өөрсдийнхөө мөнгийг өгч явуулаад байгаа юм. шүү гэж ззмлэнгүй дуугарахад Галдан:
— Манай хүрэн баавгайд учиргүй хайртай болчхож. Өмөөрч байгааг нь. Бид хоёрыг бол явж л байг гээд тоохгүй нь ээ гэж цаашлуулахад Дорлиг:
— Нэг л тэгнэ гэсэн бол Хүдэрт хэн ч, юу ч хэлээд нэмэргүй. За бол ёогүй гүдэсхэн эр байгаа юм гэжээ.
Маргааш нь бороо шивэрч байсан боловч Галдан Дорлиг хоёр Оюумааг гэртээ өнж гээд модоо цагаалав. Оюумаа ч цув нөмрөөд гарч олон тарьц суулгав. Уд өнгөрч байхад Хүдэр ирж:
— Нөхөд минь, өнөөдөр тэнгэр онгойхгүй байх. Харин маргааш бороогүй гэсэн шүү. Цалин буусных өнөөдөр нэг сайхан наргичхаад маргааш нөхөөд хийчихье гэхэд хэн ч дургүйцсэнгүй. Тэд аманд байтугай алганд багтамгүй шахам том том бууз хийцгээв. Хүн хүний амнаас нэг сайн гэдэс гарцгаая гэсэн үг гарахыг сонсоод Оюумаа тэдний хийдэг ажил, авдаг цалин, иддэг хоолыг мэдэх болсны хувьд тэгэх нь зүй гэж бодож байлаа. Гурван айлын хүн юу ч хийсэн чи, би гэлцэхгүй болоод
байхад нэг гэрийн хоёр байж гэртээ голдуу толхилцож суудгаа Оюумаа эргэцүүлэн бодох болжээ. Оюумаа нөхрөө юм хэлэхэд аялдан дагаад өнгөрдөг байсан бол сүүлийн үес уцаарлаж заримдаа маргаан ч болдог удаа бий. Гэтэл энд ирснээс хойш ганц өөрөг сөөрөг үг сонсохгүй хэчнээн айван тайван байгаагаа гайхаад баршгүй.
— Чихгүй цагаанаа гаргаарай гээд Хүдэр вандан дээр хоёр шил архи тавив.
— Хөөе өнөөх чинь байдаггүй гэж Галданг хэлэхэд Хүдэр:
— Түүнээс чинь хүртэхгүй бол ам уруу юм хийсэн болохгүй дээ гээд бас л эрэлд гэрав, Оюумаа гайхаж ядахдаа;
— Та нар чинь юу эрээд байгаа юм бэ? гэсэнд Дорлиг:
— Сэнж нь уначихсан жижигхэн шаазан байдаг юм гэсэнд Оюумаа олж өгсөнд Хүдэр архи дүүргэж:
— Манай гэрийн хамгийн хүндтэй бүсгүйдээ эхэлж барих нь зөв биз гээд Оюумаад өглөө. Оюумаа хошуугаа цорвойлгон байж хоёр гурав сорсон болоод буцаах гэхэд Галдан:
— Зүгээр уухгүй бол чихдэж байгзад цутгачихдаг улс шүү, бид чинь гэсэнд Хүдэр:
— Эрчүүдийн тоглоом ч хатуу даа гээд хүд хүд инээв. Оюумаа нүдээ аньж байгаад жаахан оочоод өгсөнд Дорлиг архийг авч:
— Хөөрхийг битгий зовоо. Бидний гарын аяыг яаж даах вэ гээд аягаа дүүргэн гурвуулаа тойруулан уув. Тэгээд бөндийсэн цагаан буузыг төмпөнгээс гараараа аван идэж байв. Хун гурван хундаганаас илүү архи уух хэрэггүй гэж нөхрийнхөө хэлдгийг Оюумаа санаад эдний ганц аяганд хэдэн хундага орж байгаа бол доо гэж бодлоо. Нөхөр нь архинд дургүй. Гэхдээ оройн хоолон дээр заааал нэг хундага ууж, түүнээ боловсон ёс гэнэ. Хүн орж ирэхэд архи өгөх хэрэгтэй, тэгэхдээ гурван хундага гүйцээгээд л архиа хойш нь хийх хэрэгтэй гэж номлоход нь Оюумаа:
— Яаж архиа буцаагаад далд хийх юм бэ. Хүн муу хэлнэ. Илүү уух дуртай хүн байвал яана! гэхэд:
— Архи өгсөар байтал муулна гэдэг бүдүүлэг зан. Хүнийг архиар цатгах албагүй. Ерөөсөө ч нэрэлхэж байх ч хэрэггүй гэж сургажээ. Оюумаа архиа аваад буцахдаа ичиж улайн зочныхоо нүүр уруу харалгүй гараад, эргэж тэр өрөөнд ордоггүй байснаа нэг мэдэхэд дасчихсан гэмгүй царайлж суудаг болсон байжээ.
Гурван хархүү дуулж наргиж гарцгаав. Оюумаа ч бага багаар амссаар бие нь халуу оргиод нэг л сайхан хөгжөөнтэй болоод ирэв. Залуус дуу хураагчаа тавьж Оюумаатай ээлжлэн бүжиглэв. Хөхөж хөөрсөн, хоргүй цагаан цайлган сэтгэлтэй гурван залуу, хүүхэнд нэг л халуун дотно санагдана.
Нэг өдөр бригадын дарга ирж:
— Хугацаа нь болчхоод байхад энэ хүний та нар яагаад явуулахгүй байна? Та нар ч жаргалтай байгаа биз. Охин ч сэргэлээ. Одоо авч явна аа гэж залуусыг зэмлэхэд Оюумаа зориг гаргаж:
— Эдэнд буруу байхгүй. Би л бие сайжрахаар нь хэд хономоор бодогдоод... Маргаашийн модны тэргээр явъя гэсэнд дарга зөвшөөрөөд орхив. Тэр шөнө орой болтол шуугилаа.
— Бид чинь чамайг анх ирэхэд авгайтай болох нь гэж бодож баярлаж байсан чинь өглөө дуудуулж байж босдог эрх охинтой болчихов оо, чиминь.
— Зүүдийсэн цагаан хүүхэн байсан чинь можийсон бор юм боллоо. Төрхгүйтсэн нэгэн тааралдвал нясалчхаар болсон байх аа.
— Хоол идэх ч гэж инээдтэй юм байсан. Ганц аяга хоол чуутай чаатай бардаг байлаа шүү дээ.
— Одоо хоёр аягандаа эзэн болжээ.
— Гэрийнхэн нь Оюумааг очихоор мангас шиг идэж, махчин шиг унтдаг болж гэх байх даа гээд залуус хөхрөлдөнө. Оюумаа энд ирээд нойр хоолондоо сайн болж биеэ чийрэгжсэнээ юунаас болов гэж эргэцүүлэн бодовч учрыг эс олно. Энэ залуус хоол сайн идвэл өөрт тустай гэж ярьж байхад нөхөр нь «Их идэх хүний оюун санааны ажилд саадтай. Ерөөсөө ч ходоодныхоо хэмжээгээр чихнэ гэдэг хүний ёс биш, адгуусны араншин. Тэр тусмаа эмэгтэй хүн их идэх хэрэггүй. Биеийн галбир эвдэрнэ. Нэг л аяга хоол яг таарна» гэж хэлдгийг нэхэн санахад аль нь зөв болохыг шууд хэлэхэд бас л амаргүй.
— Маргааш явах хүн нэг гардаг юм уу даа гээд Оюумааг босоход Галдан:
— Баавгай хүрээд ирнэ шүү гэсэнд:
— Тэгвэл баавгайнаас айдаггүйгээр нь Хүдэртэйгээ... гэж шуудхан хэлэв. Оюумаа ойн гүн уруу яваад л байхаар нь Хүдэр:
— Чи харанхуйгаас айхгүй байна уу? гэхэд:
— Үгүй чиш... Би мөн ч хөгийн амьтан иржээ гээд аяархан инээгээд ардаа явсан Хүдэрийн өөдөөс харж зогсов.
— Мөн ч сайхан байна шүү. Ийм сайхан газраас яаж явна даа гээд хүүхэн санаа алдахад залуу:
— Ирэх зуныхаа амралтаараа хүрээд ирэхгүй юу гэв.
— Тий! Хүйтэн байгаа юм уу даа гээд Оюумаа Хүдэрийн цээжийг налахад цаадах нь:
— Даарч байвал орох уу даа? гэсэнд:
— Жаахан баймаар байна гээд хүүхэн санаа алдав. Хөлс үнэртсэн энэ зузаан эр сүрчиг ханхлуулсан ганган дэгжин нөхрөөс нь дотно мэт санагдах нь бүр ч хачин. Юу ч бодсон юмгүй моддын орой дээгүүр сүүмэлзэн харагдах од ширтэн зогсож байсан Хүдэр:
— Оюумаа, жихүүн байвал орох уу даа гэж дахин хэлэхэд нь хүүхэнд нэг л гомдолтой юм шиг санагдан юм хэлье гэтэл хоолой дээр нь нэг юм тээглэж зангираад байх шиг болсонд дув дуугүй байшин уруу алхав. Оюумаа босго алхахдаа энэ хоёр гадаа удсан болохоор шоолох байх даа гэж бодон нүүр буруулахийн байтал Галдан:
— Ойн шөнөтэйгөө салах ёс хийчхэв үү? гээд ялдамхан инээмсэглэхэд хүүхний дотор уужраад явчхав.
«Эдэнд ер нь муу санаа, заль мэх гэж бий гэж үү? Жинхэнэ эрчүүд гэж ийм л хэнэггүй, гудиггүй сайхан улсыг хэлдэг байх аа даа» гэж Оюумаа бодоод гүн санаа алдаж гурван залууг сэтгэлдээ шингээж авах гэсэн юм шиг хайр энэрлийн нүдээр тогтуухан харна.

Thursday, August 9, 2007

Personal Home page (PHP)

PHP буюу Personal Home Page нь сервер дээр биелэгддэг Script хэл юм. Өөрөөр хэлбэл сервер компьютер дээр мэдээлэл боловсруулагдаад үр дүн нь хэрэглэгчид энгийн HTML хуудас байдалтайгаар очдог. Script хэл гэдэг нь энгийн текст боловсруулах программ дээр бичиж болох хөрвүүлэлт хийхэд ямар нэгэн хувиргагч програм хэрэглэдэггүй програмын хэл юм.

CGI, ASP, JSP, CFML гэх мэт бусад сервер дээр биелэгддэг хэлнүүдээс PHP хэлний давуу тал нь олон төрлийн өгөгдлийн баазтай холбогдож өгөгдөл мэдээлэлтэй харьцаж чаддагаараа онцлогтой. Жишээлбэл, MySQL, Oracle, Access, SQL, PostgreSQL, mSQL, SyBASE гэх мэт.

PHP хэрхэн ажиллах вэ?
Вэб сервер дээр PHP сервер ажиллах бөгөөд уг сервер PHP кодыг ажиллуулан хэрэглэгчид HTML хуудсыг илгээдэг. Өөрөөр хэлбэл PHP хуудсыг зохион байгуулахад танд Вэб сервер, PHP сервер, Database server хэрэг болно.
Энэхүү жишээ өгүүлэлд Xitami, PHP 4.0, MySQL 4 серверүүдийг ашиглая.

Вэб сервер суулгах

1. Xitami/setup.exe файлыг ажиллуулна.
2. Нээгдэх Xitami Web Server Installations цонхны Welcome хуудасны Next товчлуур дээр дарна.
3. Нээгдэх танилцуулага хуудасны Next товчлуур дээр дарна.
4. Нээгдэх Select Destination Directory хуудсанд Xitami Вэб серверийг байрлуулах замыг сонгох ба зам сонгохгүй тохиолдолд C:\Xitami замыг автоматаар сонгодог.
5. Next товчлуур дээр дарна.
6. Нээгдэх Select Program group хуудсанд Xitami Вэб сервер байрлах програмын группыг заах бөгөөд стандартаар Internet Tools хавтасыг авна.
7. Next товчлуур дээр дарна.
8. Нээгдэх Start Xitami automatically? хуудасны No, I’ll start it when need it сонголтыг идэвхжүүлнэ.
9. Next товчлуур дээр дарна.
10. Нээгдэх Choose Admin Password хуудсанд Вэб сервер рүүгээ хандах хэрэглэгчийн нэр, нууц үгийг оруулна.
11. Next товчлуур дээр дарна.
12. Нээгдэх Choose Server Profile хуудасны Normal – if you run several servers сонголтыг идэвхжүүлж, Next товчлуур дээр дарна.
13. Next товчлуур дээр дарна.
14. Finish товчлуур дээр дарна.

Дээрх үйлдлээр Вэб сервер суулгах үйл явц дуусах бөгөөд уг серверийг сүүлийн үеийн хувилбар болон бусад мэдээллийг http://www.xitami.org хаягаар хандан авч болно.

Вэб серверээ ажиллуулах

Start/Programs/Internet Tools/Xitami Web Server - Windows командыг сонгох буюу C:\Xitami\xiwin32.exe файлыг ажиллуулна.

PHP cуулгах

1. php-4.1.1-installer.exe файлыг ажиллуулна.
2. Нээгдэх Welcome цонхны Next товчлуур дээр дарна.
3. Нээгдэх License Agreement цонхны I Agree товчлуур дээр дарна.
4. Нээгдэх Installation цонхны Advanced сонголтыг идэвхжүүлнэ.

5. Next товчлуур дээр дарна.
6. Нээгдэх Choose Destination Location цонхонд PHP серверийг байрлуулах замыг сонгох ба сонгохгүй тохиолдолд C:\PHP замыг автоматаар сонгодог.
7. Нээгдэх Server Type цонхонд Вэб серверүүдийн төрлийг сонгох бөгөөд Xitami гэсэн сонголтыг идэвхжүүлнэ.
8. Next товчлуурдээр дарна.
9. Нээгэдх File Extensions цонхонд php, php3 сонголтыг идэвхжүүлнэ.
10. Нээгэдх Start Installation цонхны Next товчлуурдээр дарна.
11. OK товчлуур дээр дарна.

Database серверээ суулгах

1. MySQL хавтаснаас SETUP.EXE файлыг ажиллуулна.
2. Нээгдэх цонхнуудад ямар нэгэн өөрчлөл хийлгүйгээр Next товчлуурдээр дарна.
3. Програмын файлуудыг хуулах үйл явцыг дуустал хүлээнэ.
4. Нээгдэх Setup Complete цонхны Finish товчлуур дээр дарна.

Database серверээ ажиллуулах

C:\mysql\bin замаар хандаж winmysqladmin.exe файлыг ажиллуулна. Энэ үед WinMySQLadmin 1.3 гэсэн цонх нээгдээд хаагдах бөгөөд програм санах ойд ачаалагдаж, програмын дүрс дэлгэцийн баруун доод буланд байлах System tray дээр харагдана.

PHP My Admin програмыг суулгах

Уг програмаар өгөгдлийг баазаа зохион байгуулна. Суулгахдаа phpMyAdmin хавтасыг C:\Xitami\webpages хавтаст хуулна.

Вэб хуудсуудаа Вэб сервер руу хуулахдаа C:\Xitami\webpages хавтаст хуулдаг.
Вэб серверээс Вэб хуудсуудаа үзэхдээ http://127.0.01/ хаягаар хандана. Жишээлбэл, мэдээ нэмэх хуудасаа news.html nerteigeer news хавтаст хадгалсан тохиолдолд уг хуудсыг http://127.0.01/news/news.html хаягаар хандаж дуудна.

Энгийн PHP код бичих

PHP хэлний кодыг энгийн текст боловсруулах програм дээр бичиж болхоос гадна HTML хуудас дотор бичиж болно.

РНР хуудас нь <?php тэмдэгээр эхэлж ?> тэмдэгээр дуусна. Өөрөөр хэлбэл <?php ба ?> хашилтын хооронд РНР кодыг бичдэг. Жишээ болгон Hello, World! хуудсыг PHP хуудасаар бичиж үзье.

1. Notepad програм дээр дараах кодыг бич.
2. Файлаа C:\Xitami\webpages хавтаст hello.php нэртэйгээр хадгал.
3. Браузер програмаа нээн http://127.0.0.1/hello.php хаягаар хандан Hello, World! хуудсаа нээнэ.
Одоо кодоо дараах байдлаар HTML хуудастай хольж бич.
Yр дүн нь өмнөх хуудастай ижил боловч кодын хувьд өөр.

Хувьсагч зарлах, хувьсагчаар утга дамжуулах

Variable буюу хувьсагч гэдэг нь програмчлалын хэлний гол ойлголуудын нэг бөгөөд тооцоолон бодох үйл ажиллагаанд хувьсагчид байгаа утгыг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл хувьсагч нь түр санах oйд ямар нэг value буюу утгыг түүнийг хэрэглэгдэх хүртэл нь хадгалах бөгөөд өөр мэдээллийг оруулсан тохиолдолд өмнөх мэдээлэл нь устдаг. Хувьсагч нь байнга хувьсан өөрчлөгдөж байдаг.

PHP хэлэнд хувьсагчийг $ тэмдэгийн араас зарлах бөгөөд Numbers, Strings, Arrays, Objects гэсэн төрлүүд байдаг.
Хувьсагчийн нэрийг үсэг, доогуур зураасаар эхлүүлэх ба араас нь үсэг, тоо холилдон орж болдог. Жишээ нь: $variable, $_variable гэх мэт.

Дараах жишээнд Hello, World! хуудсыг хувьсагч ашиглан үүсгэе.
Жишээн дээр $myvar хувьсагчийг зарлан Hello, World! гэсэн утга оноож, echo $myvar командаар $myvar хувьсагчид байх утгыг хэвлэж байна. Браузер програм дээр харагдах үр дүн нь ижил.

Жишээг хийж үзээрэй

<FORM ACTION="welcome.php" METHOD=GET>
First Name: <INPUT TYPE=TEXT NAME="firstname">

Last Name: <INPUT TYPE=TEXT NAME="lastname">
<INPUT TYPE=SUBMIT VALUE="GO">
</FORM>

<FORM ACTION="welcome.php" METHOD=POST>
First Name: <INPUT TYPE=TEXT NAME="firstname">

Last Name: <INPUT TYPE=TEXT NAME="lastname">
<INPUT TYPE=SUBMIT VALUE="ПОСТ">
</FORM>


welcome.php файлд дараах кодыг бичээрэй

<?php echo( "Welcome to our Web site,$firstname $lastname!" );?>
<?php
if ( $firstname == "Chinggis" ){
echo( "Welcome, oh glorious leader!" );
}
else {
echo( "Welcome, $name!" );
}
echo('
');
?>

Бас нэг бичсэн өгүүллээ харанхуй upload хийчлээ. Одоо бол бүгд шинэ хувилбарууд нь гарцан байгаа. Уг өгүүлэлтэй хамт нэг CD хэвлүүлсэн бөгөөд уг диск дээр өгүүлэлд хэрэглэсэн файлууд байгаа билээ. CD дээрх файлууд хэрэгтэй бол и-мэйл бичээрэй.