Showing posts with label Найраг шүлэг. Show all posts
Showing posts with label Найраг шүлэг. Show all posts

Friday, April 18, 2008

Эр хүний гар

С.Оюун
(Шаналал тайтгарал)

Эр хүний
Эв дүйгүй гар
Хацрыг минь
Хайрлан илэв
Ажилд боргошсон
Алтан харгана шиг хатуу гар
Эмзэгхэн хайрыг
Илэрхийлж бас чаддаг юм байна.

Эвэршиж хуурайшсан энэ гар
Эгдүүг минь хүргэв үү, хайрыг минь хүргэв үү
Булбарай хацарт минь ширүүдсэн
Эр хүний гарнаас
Булгилж догдолсон сэтгэлий нь
Зүрхэндээ би мэдрэв
Эмээсэн хайрласан
Эрхгүй тэмүүлсэн
Эр хүнийг
Энэ гар төлөөлөж байв.

Ажилд боргошсон
Чиний гарыг
Атгандаа энхрийлэх
Зориг минь дутна.

Эр хүний
Эв дүйгүй гар
Эмзэгхэн хайрыг
Илэрхийлж бас чаддаг ажээ.

Thursday, December 13, 2007

Өврийнхөө дэвтрээс ...

Л.Дашням

Дөрвөн улирал, нэг сэтгэл

Нуурын хоолойд Зуун-Хурга уйлан дуулна.
Нуухын аргагүй үе үе сэтгэл гансарч,
би чиний тухай бодно.

Тэнгэрийн хаяанд ботгон үүлс бөөлөн үймнэ.
Тэнэмэл үгс зүрх шивэн, гуниг халдааж
би чиний тухай бодно.

Мөнгөн горхи голын жаварт тунин цайрна.
Мөрөөсөл ээдрэн, он цагийн уяа алдуурч,
би чиний тухай бодно.

Түүчээ тогоруу огторгуйн уудамд урь зарлана.
Түрүүчийн болзоогоо нэхэн нэхэн үгүйлж,
би чиний тухай бодно.

Wednesday, November 21, 2007

Өврийнхөө дэвтрээс ...


Рэнчиний Чойном

Уйлган намрын бороотой өдөр
Уйтгарлан суунам би.
Усан хөшиг татаж
Цонх бас уйтгарланам.

Өчигдөр модны навчис унасан.
Өөрөөс минь, сэтгэл зүрхнээс минь унаж байгаа юм шиг л
Навчис эргэлдэн унах нь хайран байв.
Нарны хэлтэрхийнүүд шиг шаргалтан унах нь хайран байв.

Тэгээд өнөөдөр нар алга байна.
Тэнгэр битүү бүрхсэн байна...

Thursday, November 8, 2007

Охин үр

Дуучин УГЖ Эрдэнэбат, Бүрнээбаяр нарын дуулсан "Охин үр" дууг танилцуулъя. Охин үртэй хүн бүрийн нь туулдаг хувь заяа байх даа.

Охин үр

Цэцгэн буурал гацуур модны гунигийг цэлмүүлхээр
Цэцэгт хаврын цэнхэр яргуй цасан дээр хэвт энэ
Цээжний гуниг, насны баярын дундуурыг дүүргэхээр
Цэлмэгэр багахан охин үр минь нартад мэндэллээ

Цээний цэцэгт хөвчийн хангайн цэнгэлийг гүйцээхээр
Цээлхэн дуутай хөхөө шувуу зунжин донгодлоо
Цэвэр ичимтгий монгол зангаараа хотлыг уяраахаар
Цэв цэвэрхэн охин үр минь гэрээ гийгүүлнэ ээ

Цэмцгэр гоёхон цэцгийн цэнгэлийг гүйцээгээр
Цэнгүүн тайгийн цэгзхэн гацуур намрыг үдлээ
Цэлмэж туулдаг, алдаж ухаардаг хорвоог танихаар
Цэлгэр гол шиг охин үр минь дуулан гэгэлзлээ

Цэлийн цэлийx цасан далайн гунигийг нимгэлxээр
Цээнэ шарилж өвлийн туршид цасанд сэрвэлзэнэ ээ
Цэрвүү xолдоо оxин үр минь xадамд гараxаар
Цэцгийн үндэс шиг ижий аав нь гэртээ үлдэнэ ээ

Дараах холбоосоор дууг нь татаж авч сонсоорой: Охин үр
Жич: Дууны үг бичихэд тусалсан Дүлзэн ахдаа маш их баярлалаа, :-)

Tuesday, September 11, 2007

Өөрийнхөө дэвтрээс ...

Дурласан сэтгэлээ дурссаар
Дуулимд хосоор жаргагч жигүүртэн урлаад
Дурсгаад бэлэглэлээ чамдаа
Дурласан сэтгэлээ бас илгээлээ

Дураар нисэгч шувуудыг дагаад
Даруухан чи минь нисчихвээ.
Сайхан төрхийг чинь санан санан
Сэтгэлээ би хайгаад олдоггүй ээ.

2007.09

Thursday, September 6, 2007

Өврийнхөө дэвтрээс ...

Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан дулаахан инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн урт удаан наслахын
Өлзий буян бүрдэх болно.

Thursday, July 5, 2007

Өврийнхөө дэвтрээс ...

Ч.Батсайхан

Хөдөөний бүсгүй

Аргалын гал шиг улаа бутарсан
Адууны салхи шиг танхил өссөн
Нүүдэлчин амьдралдаа уйдаж сөхрөөгүй
Нүгэл үйлдээгүй нүд шиг бүсгүй

Шилбүүрийн сур шиг хөх бандитай
Чулуу өрж наадаж өссөн
Шилийн эр шиг ханхайгаад ирэхэд нь
Сэмхэн хааяа санаа алдсан

Исгэлэн айраг шиг эрийн өмнө
Энгэрээ задгайлж бүсээ тайлаагүй
Сүүдэргүй сэтгэлийн цайгаараа дайлдаг
Сүү үнэртэй бүсгүйн суудал цалгидаггүй

Үнэн хайрын цоожинд түлхүүргүй гацаж
Үг унагаагүй монгол төрхөөрөө
Ботгон нүдээрээ хайраа шивнэдэг
Борхон бүсгүй хөдөөд минь л байдаг аа.

Friday, June 15, 2007

Мод шүлэг хоёр


Уйлах ч навч үлдээгүй нэгэн мод гуниглана
Урьд нь магадгүй эмэгтэй хүн байсан биз
Урагдсан зүрх нь эдгэлгүй мод болж хувирчихаад
Уйлсаар байгаад ганц ч навчгүй болсон биз

Friday, June 1, 2007

Өврийнхөө дэвтрээс ...

Б.Явуухулан

Бадамлянхуан цэцэг

Бадамлянхуан гоолиг цэцэг
Бахдам сайхан ургадаг гэнэм
Аглаг хээр нутагт минь ургадаггүй ч
Ардын дуунд магтан дуулнам

Амрагийг хайрлах хайрын сэтгэл
Аяндаа тэгж сэтгэлд үүснэ.
Халуун янагт дурлаагүй ч гэсэн
Залуу хүний сэтгэл гэгэлзэнэ.