Friday, April 18, 2008

Эр хүний гар

С.Оюун
(Шаналал тайтгарал)

Эр хүний
Эв дүйгүй гар
Хацрыг минь
Хайрлан илэв
Ажилд боргошсон
Алтан харгана шиг хатуу гар
Эмзэгхэн хайрыг
Илэрхийлж бас чаддаг юм байна.

Эвэршиж хуурайшсан энэ гар
Эгдүүг минь хүргэв үү, хайрыг минь хүргэв үү
Булбарай хацарт минь ширүүдсэн
Эр хүний гарнаас
Булгилж догдолсон сэтгэлий нь
Зүрхэндээ би мэдрэв
Эмээсэн хайрласан
Эрхгүй тэмүүлсэн
Эр хүнийг
Энэ гар төлөөлөж байв.

Ажилд боргошсон
Чиний гарыг
Атгандаа энхрийлэх
Зориг минь дутна.

Эр хүний
Эв дүйгүй гар
Эмзэгхэн хайрыг
Илэрхийлж бас чаддаг ажээ.

Friday, April 11, 2008

Хамтдаа туулъя гэсэн юм аа

(Дуучин Энхмэнд)


Дэргэд чинь суугаад дээлийг нь оёмоор
Дэндүү чиг тэнгэрлиг сэтгэлийн ханхүү минь ээ
Төөрөг заяаны дэнсийг хоёул тэгшилж
Төгөлдөр орчлонг хамтдаа туулъя гэсэн юм аа

Дахилт:
Харцанд чинь уярч, хайранд чинь зөөлөрч
Хан хорвоод дуулъя гэсэн юм аа
Энгэрийг чинь түшиж, ээлэнд чинь дулаацаж
Эвийн хорвоог туулъя гэсэн юм аа

Хажууд чинь суугаад хантаазийг нь урламаар
Хачин чиг омголон хайрын хан хүү минь ээ
Борхон заяаны дэнсийг хоёул тэнцүүлж
Буурал орчлонг хамтдаа туулъя гэсэн юм аа

Дахилт: