Friday, April 18, 2008

Эр хүний гар

С.Оюун
(Шаналал тайтгарал)

Эр хүний
Эв дүйгүй гар
Хацрыг минь
Хайрлан илэв
Ажилд боргошсон
Алтан харгана шиг хатуу гар
Эмзэгхэн хайрыг
Илэрхийлж бас чаддаг юм байна.

Эвэршиж хуурайшсан энэ гар
Эгдүүг минь хүргэв үү, хайрыг минь хүргэв үү
Булбарай хацарт минь ширүүдсэн
Эр хүний гарнаас
Булгилж догдолсон сэтгэлий нь
Зүрхэндээ би мэдрэв
Эмээсэн хайрласан
Эрхгүй тэмүүлсэн
Эр хүнийг
Энэ гар төлөөлөж байв.

Ажилд боргошсон
Чиний гарыг
Атгандаа энхрийлэх
Зориг минь дутна.

Эр хүний
Эв дүйгүй гар
Эмзэгхэн хайрыг
Илэрхийлж бас чаддаг ажээ.

No comments: